Tse Pub -ын бизнес моделд хийсэн дүн шинжилгээ | Гүйцэтгэлийн Төгөлдөршил ХХК

Tse Pub -ын бизнес моделд хийсэн дүн шинжилгээ
2018/11/26 - Өлзийбуян

Нэгэн өдөр Tse Pub -д өдрийн хоол идэж суув. Яаж зүгээр суухав мэргэжлийн өвчин хөдлөөстэй. Ажаад байхнээ Tse Pub бусад паб, ресторануудаас эрс ялгаатай арга замаар (буюу бизнес моделоор) бизнесээ явуулж байгааг анзаарав. Мөн өдрийн аль ч үед орж ирэхэд үйлчлүүлэгч ихтэй байдаг нь ашиг, орлого өндөр байна гэсэн миний таамгийг батлаад байх шиг. Ингээд үйлчлүүлэгчийн нүдээр, мөн мэргэжлийн хүний нүдээр тэдний бизнес моделд дараах давуу талууд байна гэж үзлээ.

 

Ядуу ч хэрэгцээ өндөртэй хэрэглэгчид -“Оюутнууд”.  Tse Pub -ийн гол хэрэглэгчид хэн бэ? Мэдээж “Оюутнууд”. Энэ сегментийг сонгосон нь учиртай. Ихэнхи бизнес эрхлэгчдэд “Оюутнууд” гэхээр төлбөрийн чадвар муутай, өнөө маргаашаа аргацаасан хүүхэд, залуус толгойд нь бууна. Харин ресторан, паб, барны зах зээлд бол ондоо. Тэд бусад сегментийн хэрэглэгчдийг бодвол ресторан, пабаар үйлчлүүлэх давтамж өндөр байдаг. Залуус уулзаж суух, наргих, партидах нь олонтаа. Залуу нас шүү дээ. Tse Pub -ийн сонгосон сегмент нь ядуу ч, үйлчлүүлэх хэрэгцээ өндөртэй Оюутнууд. Сул тал нь “ядуу”, давуу тал нь “үйлчлүүлэх хэрэгцээ өндөр”.  Гол нь давуу талыг хэрхэн ашиглах вэ гэдэг нь бизнес моделийнх нь бусад хэсгүүдтэй уялдана.

Маш тодорхой хямд үнэ – бүх хоол 1$. Steve Jobs Itunes -ын бүх дууг 1$ хэмээн зарлаж дууны зах зээл дээр бүүм хийж байсантай төстэй сонсогдож байна уу. Санаа авсан ч байж магадгүй. 2 мянган төгрөг гэснээс 1$ нь хямдхан сонсогдож байгаа биздээ. Мөн бүх хоол гээд тодорхой заачих нь нөгөө ядуу оюутнуудад шийдвэр гаргахад нь төхөм болгож байгаа юм. Учир нь тэд тооцоотой хүмүүс. Хэдэн төгрөгийг юунд зарцуулахаа нарийн бодно. Тиймээс бүх хоол 1$ гээд тодорхой заачихаар тэд хялбархан шийдвэр гаргаж, TSE -ийн зүг аргагүй эрхэнд чиглэнэ.

Оргил цагийн үеийн такс. Такстай Pub гэж урьд өмнө нь сонсож байгаагүй юм байна. Яагаад болохгүй гэж. Pub -ийн орлогын оргил үе нь 18.00 цагаас хаах хүртэлх хугацаа юм. Оюутнуудад зориулсан хямд үнийг тогтоосон учир орлогийн оргил цагтаа ширээ нь дүүрч борлуулалтын тасалдал үүсэх магадлалтай. Тиймээс оргил цагаар 3000₮ -ийн такс тавьсан байгаа юм. Ингээд хямд үнээр оюутнуудыг татаж оргил цагаар өндөр орлого олохын хажуугаар бусад цагаар мөн ширээнүүдээ дүүргэх боломжтой болж байгаа юм.

Энэ бүгд уялдахаараа. Эхнээс нь давтаад нэг үзье. Сонгосон сегмент нь төлбөрийн чадвар муутай ч, хэрэгцээ өндөртэй оюутнууд. Тэдэнд хямд үйлчилгээ үзүүлж, байнгын үйлчлүүлэгч болгох ёстой. Өөрөөр хэлбэл нэг удаагийн үйлчилгээнээс олж буй ашиг бага ч оюутнууд байнга үйчлүүлэх тул үйлчилгээний давтамжаар Tse Pub өндөр ашигтай ажиллана. Өөрөөр хэлбэл өндөр эргэцтэй ажиллах юм. Тиймээс бүх хоол 1$ гэх хямд үнийг зарласан. Мөн хямд учир оргил цагийн үеийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд оргил цагийн үед такс бий болгосон. Эдгээр зүйлс хоорондоо уялдаатай, сонгосон сегментдээ чиглэж байгаа учир Tse Pub -ийн бодож олсон энэхүү бизнес модел зах зээл дээр амжилттай хэрэгжээд байгаа юм.

ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЛҮҮД АВААРАЙ

Та имэйл хаягаа бүртгүүлснээр бид үнэгүй мэдлэг, мэдээлэл болон өөрсдийн үзүүлж буй үйлчилгээний талаарх мэдээллийг цаг тухай бүр танд илгээж байх болно