KPI-г ашиглаж байгууллагаа СПОРТ-ын талбар болго
2018/11/26 - Өлзийбуян

Менежментийн зөвлөхийн институтын нэг уулзалтад КТМС –ын Пүрэвдагва багшийн ярьж байсан зүйлийг санаж байна. Тэрээр орчин үеийн менежментийн хандлага хэрхэн өөрчлөгдөж байгааг тайлбарлахдаа “Байгууллагыг удирдах үйл явц улам бүр Спортын тоглолтыг удирдахтай төстэй болж байгаа” гэх дүгнэлтийг хэлсэн юм. Пүрэвдагва багшийн өгсөн санаа дээр нэмээд маш чухал нэг санааг өгөхийг хичээлээ. Энэ бол тоон үзүүлэлт буюу KPI – нь ажилтнуудыг яг спортын тоглогч шиг хөгжүүлж, хүчин чармайлтыг бий болгодог талаар юм.

Спортод бүх зүйл ил тод, шударга байдаг учир тоглогчдоос маш их хичээл зүтгэл гарч, тэд маш хурдтай өсч хөгждөг. Түүний цаад шалтгаан нь Гүйцэтгэлийн хэмжилт (KPI) юм. Сагсан бөмбөгөөр жишээ авъя. Бидний сайн мэдэх NBA –ын тоглолтод тоглогч бүрийн гүйцэтгэлийг дараах үзүүлэлтээр хэмждэг.

  • Нийт гол хийсэн оноо
  • 3 –н шидэлтээр гол хийсэн оноо
  • 3 –н шидэлтээс амжилттай гол хийсэн хувь
  • 2 –н шидэлтээр гол хийсэн оноо
  • 2 –н шидэлтээс амжилттай гол хийсэн хувь
  • Углаж гол хийсэн оноо /dunk/
  • Блок хийсэн удаа
  • Бөмбөг тасалсан удаа
  • Нийт тоглосон хугацаа

Тоглолт бүрийн явцад болон тоглолтын дараа дээрх үзүүлэлтүүд тоглогч бүрээр хэмжигдэж гарч ирдэг. Эдгээр үзүүлэлтийг ерөнхийдөө дараах хоёр зорилгоор ашигладаг.

Тоглолтын явцад дээрх үзүүлэлтийн гүйцэтгэл тоглолтын эгшин бүрт гарч байх ба дасгалжуулагч тэдгээр тоон үзүүлэлтийн гүйцэтгэлд тулгуурлан хэнийг аль байрлалд тоглуулах, хэнийг заменд суулгах, хэнийг заменаас тоглуулах зэрэг шийдвэрийг гаргадаг. Товчхондоо бол тэдгээр үзүүлэлтээс хэний тоглолт ороод, хэний тоглолт хангалтгүй байгааг хардаг. Мөн тоглолт бүрийн дараа тоглогч бүрийн үзүүлэлтийн гүйцэтгэл бүртгэгдээд явах бөгөөд энэ нь тухайн тоглогчийн хэр сайн тоглогч болохыг илэрхийлж тоглогчдын ранк болон үнэлэмж тогтдог.

Спортод тоглогч бүрийн хэрхэн тоглож байгаа, хэрхэн оноо авж байгаа (ажилтнаар бол гүйцэтгэл гарч байгаа) эсэх нь хэнээс ч хамааралгүйгээр бүртгэгдэж, шударгаар, баримт нотолгоотой гардаг учир тоглогчид маш өндөр хүчин чармайлтыг тоглолтдоо гаргадаг аж.

Тэгвэл энэ зарчмыг байгууллагад хэрэгжүүлдэг менежментийн арга барил чухал болжээ. Байгууллагын гүйцэтгэл, үр ашгийг харуулах KPI үзүүлэлтүүдийг тодорхойлоод сар бүр түүний гүйцэтгэлийг тайлагнаж түүнийг өсгөж чадах хүмүүсд хариуцуулдаг. Тэгээд хариуцсан хүмүүсээс тэдгээр үзүүлэлтийн гүйцэтгэлийг өсгөх санаа шийдлийг гаргуулан, хэрэгжилтийг удирдлагын зүгээс дэмжинэ. Тодорхой сайжруулалтыг хэрэгжүүлээд дараа сарын тайлан гарч нөгөөх үзүүлэлт өссөн эсэхийг шалгана. Өссөн байвал хэрэгжүүлсэн зүйл нь үр дүнд хүрсэн талаар дүгнэлт хийж, өсгөж чадсан ажилтанд урам өгнө. Өсөөгүй бол өмнө хэрэгжүүлсэн сайжруулалтын ажил үр дүнгээ өгөөгүйг дүгнэж, түүнээсээ суралцан өөр санаа, шийдлийг гаргана.

Энэ л үйл явц чухамхүү байгууллагыг спортын талбар болгож, ажилтнууд өндөр хүчин чармайлт гаргаж, сэтгэлтэй ажиллахад нөлөөлдөг гэдгийг бид KPI –г нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээний явцдаа олон удаа ажигласан юм.

ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЛҮҮД АВААРАЙ

Та имэйл хаягаа бүртгүүлснээр бид үнэгүй мэдлэг, мэдээлэл болон өөрсдийн үзүүлж буй үйлчилгээний талаарх мэдээллийг цаг тухай бүр танд илгээж байх болно