Эрхэм зорилгоороо дамжуулж ажилтнууддаа утга учрыг ойлгуул
2018/11/26 - Өлзийбуян

Эрхэм зорилго гээд сайхан сайхан үгнээс бүтсэн 1-2 өгүүлбэрийг тодорхойлж, компанийхаа хананд томоор өлгөөд л, ажилтан болгондоо хүчээр цээжлүүлээд л байгаа харагддаг. Бусад компаниуд тодорхойлсон учраас манайх бас тодорхойлох ёстой гэж бусдыг сохроор дууриалгүй үүнд нэг эргэлзээд үзье. Ер нь яагаад эрхэм зорилгыг тодорхойлох ёстой юм бэ?, үүнийг юунд ашигладаг юм бэ? Хэрэв үнэхээр үүнийг ашиглахгүй, ханан дээр бичигдсэн уриа лоозон төдий байх юм бол тодорхойлж ер нь яах юм, тийм биздээ.

Эрхэм зорилго бол утга учрын тухай

Эрхэм зорилго бол 1-2 өгүүлбэр. Гэхдээ зүгээр нэг өгүүлбэр биш маш чухал санааг өгөх зорилготой өгүүлбэр. Тэдгээр өгүүлбэр нь тухайн байгууллагын оршин тогтнож буй утга учир –ыг илэрхийлдэг. Бид яагаад оршин тогтнож байна вэ?, бид яагаад энэ бизнесийг эрхэлж байгаа юм бэ? гэсэн асуултад хариулалт өгч байвал зөв тодорхойлсон эрхэм зорилго юм. Жишээ болгож АНУ –ын сүлжээ дэлгүүр болох wall mart –ын эрхэм зорилгыг авч үзье. “We save people money so they can live better” гэсэн байгаа юм. Орчуулбал Бид хүмүүсийн мөнгийг хэмнэснээр тэд илүү сайхан амьдарна гэсэн утга санаа байгаа юм. Тэд supply chain management ээ сайжруулах замаар зардлаа тасралтгүй бууруулах стратегитэй. Зардлаа бууруулснаар тэд аливаа барааны үнийг бууруулж, хүмүүс барааг илүү хямд авч, сайхан амьдрах боломж нөхцөл нь бүрдэнэ гэсэн агуулга, утга санаа цаана нь байгаа юм.

Эрхэм зорилгын гол зориулалт нь ажилтнуудад утга учрыг ойлгуулах

Эрхэм зорилгын зориулалтыг компаниуд ихэнхидээ компанийн имиж, хэрэглэгч харилцагчидад зориулсан буюу маркетингийн талаас нь хараад байх шиг. Миний бодлоор эрхэм зорилгын зориулалт нь дотогшоо чиглэсэн. Компанийн ажилтан бүрт ямар утга учиртай зүйл хийж байгааг нь ойлгуулах нь эрхэм зорилгын хамгийн чухал үүрэг юм. Эрхэм зорилгогүйгээр компани мөнгө олохын төлөөх хүмүүсийн нэгдэл мэт болно. Хувь эзэмшигчид нь ашгаа хувааж авна, ажилтнууд ажилласныхаа төлөө цалин авна, энэ нэг их зөв үзэл санаа биш юм. Хэрэв ажилтнуудынхаа тархинд биш зүрхэнд нь хүрч чадвал тэд 40% илүү бүтээмжтэй ажилладаг гэж үздэг. Хүмүүс утга учиртай, үнэ цэнэтэй зүйлд илүү өндөр хүчин чармайлт гаргадаг байна. Жишээ нь, Google компанийн эрхэм зорилго “Бид дэлхийн мэдээллийг эмхлэн зохион байгуулж, ашиглах боломжтой, хялбар болгоно” гэж байдаг. Магадгүй Google компанийн ажилтнууд өөрсдийгөө дэлхий нийтийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж байна гэж боддог байх. Эрхэм зорилго зүгээр нэг гоё сайхан үг, сүртэй амбиц биш гол нь утга учрыг л илэрхийлдэг байх хэрэгтэй. Ажилтнууд компанийхаа эрхэм зорилгыг уншаад урам авдаг, хийж буй ажлаа үнэ цэнэтэйгээр мэдэрдэг байх ёстой.

Монголын дийлэнх компаниуд эрхэм зорилгоо оновчгүй тодорхойлдог

Эрхэм зорилгыг оновчтой тодорхойлсон эсэхийг шинжиж мэдэхэд тийм хэцүү биш юм. Утга учрыг илэрхийлж чадсан байна уу? гэдэг л асуултад хариулахад хангалттай. Ингээд монголын зарим томоохон компаниуд эрхэм зорилгоо хэр оновчтой тодорхойлсон эсэх дээр шүүмж өгье. Энэ зөвхөн миний шүүмж юм шүү. Үнэн зөв шүүмж өгсөн эсэхийг та бүхэн өөрсдөө шүүнэ бизээ.

КОМПАНИ ЭРХЭМ ЗОРИЛГО ОНОВЧТОЙ ТОДОРХОЙЛОГДСОН ЭСЭХ
Хаан банк ХААН Банк нь хvмvvсийн амьдралыг бодитой өөрчилж, нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулах санхvvгийн шинэлэг бvтээгдэхvvнийг нэвтрvvлдэг vндэсний хэмжээний тэргvvлэгч банк юм. Бид шударга ёс, ил тод байдлыг эрхэмлэн, харилцагчийн vйлчилгээг Монголдоо хамгийн өндөр түвшинд хvргэхийг эрмэлзэнэ. “Хүмүүсийн амьдралыг бодитой өөрчилж, нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулах” гэдэг санаа нь утга учрыг харуулж байна. Харин 2 дахь өгүүлбэр бүхэлдээ алсын хараа /хаана хүрэх/ шиг бичигдсэн байна. Хэт олон утга санааг оруулсан нь гол чухал мсж –г нь ойлгоход төвөгтэй болгож байна.
Голомт банк Хөгжлийн голомт Анх удаа 2 үгнээс бүрдсэн эрхэм зорилго харж байна. Гэхдээ байж болохгүй гэсэн үг бишилдээ. Монгол улсын хөгжлийн голомт нь байна – гэсэн санаа байх. Хөгжлийн голомт гэдгийг хүн бүр уншаад илэрхийлэх гэсэн санааг нь нэг утгаар ойлгож байвал асуудалгүй. Хэрэв тийм биш бол дэлгэрүүлэх хэрэгтэй байх. Магадгүй голомт гэдэг нэрээ оруулъя гэж бодоод л ингээд хийцэн байж магадгүй.
Unitel group Хүн бүрийн амьдралын салшгүй нэг хэсэг нь байх мэдээлэл технологийн дэвшилтэт хэв маягийг бид тодорхойлно Мэдээлэл технологийн дэвшилтэт хэв маягийг тодорхойлох нь хэнд ямар ач тустай, хэрэгтэй зүйл вэ – буюу утга учир харагдахгүй байна.
Skytel Таны амьдралд баясал нэмэх ухаалаг хэрэглээг бид хүргэнэ Амьдралд баясал нэмэх – утга учрыг харуулж чадаж байна. Оновчтой тодорхойлсон байна.
MCS групп Дэлхийн хөгжлийг монголд Дэлхийн хөгжлийг монголд авчраад монголыг дэлхийн түвшинд хөгжүүлнэ гэсэн санаа байж магадгүй. Дийлэнхдээ хүмүүсд гадны бүтээгдэхүүн үйлчилгээг л монголд оруулж ирэх юм байна гэж бодогдох байх. Coca cola, tiger, shangrilla нь нүдэнд харагдах байх. Миний бодлоор хэт ерөнхий мөн эрхэм зорилго гэхээсээ илүү уриа үг шиг бичигдэж.
Energy Resource Бид орчин үеийн техник технологийг мэргэшсэн боловсон хүчний ур чадвар, хүсэл тэмүүлэлтэй хослуулан Монгол Улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөнд хувь нэмрээ оруулна. Монгол улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулна – утга учрыг илэрхийлж байна. Оновчтой тодорхойлсон байна.
Mongol ID Бидний төсөөлөл технологийн шийдлээр биелэлээ олж хүний амьдралыг илүү сонирхолтой аз жаргалтай болгоно Утга учир – хүний амьдралыг илүү сонирхолтой, аз жаргалтай болгоно

Хэрхэн – бидний төсөөлөл технологийн шийдлээр биелэлээ олж

Оновчтой тодорхойлсон байна.

ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЛҮҮД АВААРАЙ

Та имэйл хаягаа бүртгүүлснээр бид үнэгүй мэдлэг, мэдээлэл болон өөрсдийн үзүүлж буй үйлчилгээний талаарх мэдээллийг цаг тухай бүр танд илгээж байх болно