Менежментийг стандартжуулах нь | Гүйцэтгэлийн Төгөлдөршил ХХК

Менежментийг стандартжуулах нь
2019/02/09 - Өлзийбуян

Бид менежментийг сайжруулахын тулд эхлээд менежмент гэж юуг хэлж байгаа талаар практик дээр буулгаж харах хэрэгтэй. Энгийнээр менежмент гэдэг бол компанийн удирдлагуудын компаниа удирдахтай холбоотой хийж байгаа ажлууд гэж ойлгож болно. Жишээ нь: компанийн удирдлагууд компаниа амжилттай удирдахын тулд хийдэг ажлуудын нэг нь “Төлөвлөх” юм. Сайн төлөвлөгөө ажилтнуудын хүчин чармайлт, санхүүгийн нөөцийг зөв хувиарлахад тусладаг. Мөн төлөвлөсөн тохиолдолд хэрэгжилт, гүйцэтгэлийг хянах боломжтой болдог. Өөрөөр хэлбэл төлөвлөх ажил бол менежмент гэж хэлж болох ажлуудын нэг нь юм. Тэгвэл танай компанид хэрхэн төлөвлөх нь тодорхой байдаг уу, төлөвлөхөд хэн хэн оролцох нь тодорхой байдаг уу, ямар аргачлал, загвар ашиглах нь тодорхой байдаг уу? Өөрөө хэлбэл менежмент чинь хэр стандартчилагдсан бэ?

Би анх уулзаж буй удирдлагуудаас нэгэн асуултыг асуудаг. Танай компанид хамгийн тодорхойгүй ажил хийдэг хүн хэн бэ гэж. Ихэнх удирдлагууд энэ асуултын хариултыг “Хамгийн тодорхойгүй ажил хийдэг хүмүүс бол Удирдлагууд” гэж хариулдаг. Өөрөөр хэлбэл удирдлагуудын компаниа хэрхэн удирдах вэ гэдэг асуудал буюу менежмент хамгийн муу стандартчилагдсан байдаг.

Бид аливаа ажлыг сайжруулахын тулд эхлээд стандартжуулдаг. Өөрөөр хэлбэл хэн тэр ажлыг хийхийг, хэрхэн хийхийг, юу ашиглаж хийхийг нарийн тодорхой болгож цаас дээр буулгадаг. Ажлыг стандартжуулснаар алдаа доголдол буурах эхний нөхцөл тавигддаг гэж хэлж болно. Ихэнхдээ компаниуд гүйцэтгэлийн төвшний ажлуудаа стандартжуулсан байдаг. Хэрхэн яаж борлуулалт хийхээ, хэрхэн яаж бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ, хэрхэн яаж хүн сонгон шалгаруулж авахаа стандартжуулсан байдаг. Харин менежмент гэж хэлж болох тэдгээр удирдах ажлуудыг стандартжуулсан нь маш ховор байдаг. Хэрхэн төлөвлөх нь тодорхойгүй, хэрхэн үүрэг хариуцлагыг хувиарлах нь тодорхойгүй, хэрхэн хянах нь, хэрхэн асуудлыг шийдвэрлэх нь тодорхойгүй байдаг. Гэтэл менежмент гэж хэлж болох эдгээр ажлууд нь бусад ажлуудыг чиглүүлдэг, удирддаг ажил байдаг. Хэрэв менежментэд алдаа гарвал доод түвшний үйл ажиллагаанд алдаа гарах нь тодорхой. Тиймээс удирдлагуудын хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол менежментээ стандартжуулах явдал юм.

Дахиад танд сануулъя. Менежмент бол бусад ажилтнуудын хийдэг ажил шиг удирдлагуудын хийх ёстой нэгэн төрлийн ажил юм. Ажлыг сайжруулахын тулд хамгийн түрүүнд стандартжуулах хэрэгтэй. Хэрэв менежмент гэж хэлж болох тэдгээр ажил дээр алдаа гарвал доод түвшний бүх ажлууд дээр алдаа гарна. Тиймээс хамгийн түрүүнд менежментээ стандартжуулаарай, сайжруулаарай.

ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЛҮҮД АВААРАЙ

Та имэйл хаягаа бүртгүүлснээр бид үнэгүй мэдлэг, мэдээлэл болон өөрсдийн үзүүлж буй үйлчилгээний талаарх мэдээллийг цаг тухай бүр танд илгээж байх болно