Маркетингаар амжилт олсон сургалтын бизнес / ХНУША-Хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академи/
2018/11/26 - Өлзийбуян

Хүний нөөцийн сертификаттай сургалтыг зах зээлд талх шиг борлуулж чадсан нэгэн жишээг энэ чиглэлийн мэргэжилтнүүд сайн мэдэх билээ. Сайн муу янз бүрийн л хэл амыг би тэднээс сонсдог. Зарим нь тэднийг “Чаджийшд” гэдэг бол зарим нь “Чанаргүй сургалтаар мэргэжлийн нэр хүндийг гутаалаа” гэлцэнэ. Ямартаа ч тэд зах зээлд амжилттай ажиллаж чадсан. Хэрэв хэн нэгэн үр дүнг гаргаж чадаж байгаа бол тэнд МЕНЕЖМЕНТ байна, үзэн ядаж атаархахын оронд давуу талаас нь суралцах хэрэгтэй гэж миний бие үздэг. Энэхүү нийтлэл маань зөвхөн олж авсан дүгнэлтээ уншигч тантай хуваалцах зорилготой бөгөөд ХНУША –ийн талаар ямар нэг сурталчилгаа хийх эсвэл зориудаар сөрөг мэдээлэл тараах зорилгогүй болохыг онцолж хэлмээр байна.

Чанаргүй сургалт ба мэдлэггүй хэрэглэгчид

2011-с 2012 он. Хүний нөөцийн менежер мэргэжлийн хэрэгцээ өсч байсан үе. Хүний нөөцийн менежерийн сертикаттай сургалт явуулдаг сургалтын төвүүд олон байсан. Ихэнх сургалтын төвүүд сургалтын чанар дээр анхаарч маркетинг дээр анхаардаггүй байв. Харин ХНУША сургалтын чанарыг хаяж, маркетинг, борлуулалт дээрээ гол анхаарлаа хандуулж байв. Бизнесийн уирдлагаар мастер хамгаалаагүй, ХН –р практикт нэг ч ажиллаж үзээгүй хүмүүс багшилж байлаа.

Тэдний зорилтот хэрэглэгчид нь “Ажилгүй залуучууд”, маш том зах зээл. Мэдээж хэн бүхэн чанартай сургалтыг л сонгохыг хичээнэ. Гэвч ХН –ийн суурь мэдлэггүй хүмүүс ХН –ийн сургалтын чанарыг үнэлж мэдэхгүй. Сургалтын чанар бол нүдэнд үл үзэгдэх зүйл, харин оновчтой сурталчилгаа бол нүдэнд ил зүйл. Тиймээс тэд маркетинг дээр гол ачлаа холбогдлоо өгсан. Тэдний хийсэн маркетинг “ХН –р амжилттай сурч чадна, сурсны дараа ажилд орж чадна” гэж үнэмшүүлж чаддаг байв. Тиймээс л тэд чанаргүй сургалтыг талх шиг борлуулж чадсан. Сургалтын бизнесд сургалтын чанараар өрсөлдөөд амжилт олсон нэг ч жишээ монголд байхгүй. Энэ олон чанаргүй хувийн их дээд сургуулиуд үүний бэлхэн жишээ бизээ.

Зорилтот хэрэглэгчиддээ чиглэсэн зөв маркетинг

Ажилгүй залуучууд юу хүсч, хаагуур явж, юу үздэг вэ? Эдгээр 3 асуулт тэдний маркетингийг чиглүүлсэн.

Тэд юу хүсдэг вэ? Хариулт нь Ажилд орохыг

ХНУША сурталчилгаа дээрээ төгссөний дараа ажлын байраар хангана гэх амлалтыг итгэл төгс өгдөг байв. Зарим ажилгүй залуучуудад энэ нь үнэмшилгүй санагдах ч тэд итгэхийг хүснэ. ХНУША –ийг сонгож буй нийт залуусын 80% нь төгссөний дараа ХН –р ажиллах зорилгоор сонголтоо хийдэг гэхэд хэлстэхгүй.

Тэд хаагуур явдаг вэ? Хариулт нь Багшийн дээд

ХНУША багшийн дээдийн ойролцоо сургалтын төвөө байршуулж, багшийн дээд дээрх ихэнх самбаруудыг түрээслэж сургалтынхаа сурталчилгаануудыг байршуулдаг байв. Зорилтот зах зээлрүүгээ чиглэсэн маш оновчтой байрлал, оновчтой сурталчилгаа.

Тэд юу үздэг вэ? Хариулт нь Ажлын зар болон өглөөний нэвтрүүлгүүд

Ажлын зар тавигддаг ТВ –ийн заруудад сургалтынхаа сурталчилгаануудыг байршуулдаг байв. Мөн ТВ –үүдийн өглөөний нэвтрүүлгэд орж ХН –ийн мэргэжлийн гоё сайхан, энэ чиглэлийн мэргэжлийн хэрэгцээ өсч байгаа талаар ярилцлага өгнө.

Ажил хайж буй хүмүүсийн хувьд ажилд орох нь ямар том бэрхшээл зовлон билээ. Төгссөний дараа ажлын байраар хангана гэх зарыг хараад л ажилгүй залуучууд “Сургалтын төвд сураад, сертификат аваад, дараа нь ажилд орчихно” гэж хялбарханаар сэтгэж эхлэнэ. Тэгээд зарын дагуу утсаар лавлана. Энэ үед харин тэдний борлуулалтын тактик ажиллаж эхлэнэ.

Тэд эргэлзэж байна – Нэг удаа үнэгүй суугаад үз борлуулалтын тактик

Маркетингэд татагдаж ирсэн залуусд “Манай эхний сургалтад хамрагдаад үз” гэж ятгаж эхэлнэ. Харин эхний сургалтыг яг тэдний хэрэгцээ, зовлонд нийцсэн агуулгатайгаар маш сэтгэл хөдлөм хэлбэрээр зохион байгуулна. Ингээд л тэд мөнгө төлөхөд бэлэн хэрэглэгчид болж хувирна.

Чанаргүй сургалттай ч сэтгэл ханамжтай төгсгөж болно

ХНУША –ийг төгссөн залуус ХНУША –ийн талаар эерэг мэдээлэл тараах ёстой, дараагийн суралцагчдыг авчирах ёстой. Тэгвэл ХНУША хэрхэн суралцагчидаа сэтгэл ханамжтай төгсгөдөг байв?

ХНУША –ийг төгсч буй залуус ХН –ийн менежментээс гадна өөртөө итгэлтэй байх, бие даан болон багаар ажиллах арга барилд суралцаж төгсдөг байв. Энэ нь тэднийг ажилд орох, амжилттай карьертай байхад тодохой хэмжээнд нөлөөлнө. ХНУША –ийг төгссөн хэд хэдэн сайн Хүний нөөцийн менежерийг би мэдэх юм байна.

Мөн төгсөлтийн арга хэмжээг маш сайхан уур амьсгалтай зохион байгуулдаг нь тэдэнд эерэг сэтгэгдэл, дурсамжийг үлдээнэ. Эдгээр арга барил нь чанаргүй сургалтыг сэтгэл ханамжтай төгсөхөд нөлөөлдөг байв.

Тэдний дараагийн алхам юу вэ?

Монголчууд мэдлэгжиж байна, зах зээлийн хандлага өөрчлөгдөж байна. ХНУША энэхүү маркетин дээр тулгуурласан бодлого, тактикаараа магадгүй зах зээлд тогтож үлдэж чадна. Харин урт хугацаанд ялалт байгуулахыг хүсвэл “Сургалтын чанар” –аа сайжруулахаас өөр арга байхгүй болов уу. Тэдэнд санхүүгийн нөөц боломж байна. ХН –ийн салбарт мэдлэг туршлагатай Талентууд байна. Зоригтой бөгөөд тууштай хөрөнгө оруулалтыг сургалтын чанартаа хийвэл тэдэнд ирээдүйд үнэмлэхүй манлайлах боломж байна. Тууштай – гэсэн нь учиртай. Маркетингэд хөрөнгө оруулалт хийснээр магадгүй маргааш борлуулалт өсч үр дүн нь харагдана. Харин сургалтын чанард хөрөнгө оруулалт хийснээр 1 жил эсвэл 5 жилийн дараа үр дүн нь харагдана. Хэрхэх эсэх нь тэдний шийдвэр гаргалт билээ.

ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЛҮҮД АВААРАЙ

Та имэйл хаягаа бүртгүүлснээр бид үнэгүй мэдлэг, мэдээлэл болон өөрсдийн үзүүлж буй үйлчилгээний талаарх мэдээллийг цаг тухай бүр танд илгээж байх болно